Сумын ерөнхий танилцуулга

Ховд аймгийн Ховд сум нь 1946 онд Баян-Өлгий аймагт харьяалагдан байгуулагдсан, 1955 онд Ховд аймагт харьяалагдсан.Тус сумын  Баянбулаг, Цагаанбургас, Дунд ус, Баруунсалаа, Улаанбураа   5 багийн  739 өрхөд 3290 хүн амьдардаг. Нийт хүн амын 49.7 хувийг эрэгтэйчүүд, 50.3 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.0-17 насны хүүхэд 1437 буюу 43.9 хувь, 18-35 насны залуучууд 1021 буюу 31 хувийг тус тус эзэлдэг. Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхнээсээ 8-д, газар нутгийн хэмжээгээр 13-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ Аймгийн төвөөс 30 км зайд байрладаг. Баруун талаараа Баян-Өлгий аймаг, хойт талаараа Ховд аймгийн Эрдэнэбүрэн, өмнө талаараа Буянт, зүүн талаараа Мянгад сумтай хиллэдэг.

Газар зүйн онцлог байрлал. Сум нь баруун хойт талаараа Баян-Өлгий аймгийн Толбо, Дэлүүн сумтай, зүүн хойт талаараа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумтай, зүүн талаараа Ховд аймгийн Мянгад сумтай, зүүн өмнөд талаараа Ховд аймгийн Жаргалант сумтай, баруун өмнө талаараа Ховд аймгийн Дуут, Буянт сумтай тус тус хиллэдэг.

Сумын нутаг дэвсгэр хойноосоо урагш сунаж тогтсон, уулт хээрийн говийн бүс хосолсон их нуурын хотгорын мужид хамрагддаг, далайн түвшнээс 1200-4000 м өндөрт оршдог. Дөрвөн талаас нь түшсэн сүмбэр улаан уулс, дөлгөөн урсгал мяралзуулсан цэнхэр туузан голын эрэгт, Улаанбаатар хотоос 1508 км, аймгийн төвөөс 30 км зайд сумын төв оршдог. Сумын баруун өмнөд талд Баянбулаг баг 25 км, баруун хойт талд Цагаанбургас баг 20 км, зүүн өмнөд талд Улаанбураа баг 30 км  зайд, Баруунсалаа, Дунд ус баг сумын төвд байрласан. Мал аж ахуй болон газар тариалан  хослон эрхэлдэг.

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -30  °С 7 дугаар сарын дундаж температур +35 °С жилийн дундаж салхины хурд 5-10 м/с жилийн хур тунадасны нийлбэр 100-120 мм.

Байгалийн баялаг, ан амьтан, түүх дурсгалын болон үзэсгэлэнт газрууд

Ашигт малтмал

Ховд сум нь аймгийн төвд ойрхон орших боловч геологийн судалгаа бага хийгдсэн бүс нутагт хамаарах ба одоогийн судалгааны түвшинд зэсийн илрэл 1, эрдэсжсэн цэг 10 гаруй, алтны илрэл 3, шохойн  чулууны орд 1, шаврын орд 1 болон алт, молибден, зэс, цайрын  геохимийн хүрээнүүд тогтоогджээ.

Үүнийг тодруулбал

Зэс: Хайрхан уулын зүүн хажууд Шураг голын өмнө хэсэгт оршино. Сувгаас авсан сорьцын химийн шинжилгээгээр зэс 1-2%, цайр 0,02%, хар тугалга 0,04%-ийн агуулгатай байна. Илрэл нь бага талбайтай.

Согоот уулын зэсийн цэгүүд: Зүүн Согоот уулын дүүрэгт оршино. Судалгааны сорьцонд зэс 0,02-0,5% цайр 0,01%, алт 0,005 агуулсан байна.

Алт: Илрэл нь Өргөн ширэгээс зүүн хойш 1,5 км зайд  оршино. Шинжилгээгээр алт 0,1% , мөнгө 2,8-27,7% үзүүлнэ. Талбай нь бага учир хэтийн төлөв үгүй гэж үнэлжээ.

Хасаг хөндийн алтны илрэл: Сумын төвөөс хойш 4 км зайд илэрсэн. Шинжилгээгээр алт 0,1-0,8 г/т , мөнгө 0,2-9,2 г/т , талбай нь ихтэй боловч хэтийн төлөв бага гэж тогтоосон. Металл бус ашигт малтмалаас Цагаанхайрханы шохойн чулууны орд сумын төвөөс 6 км зайд Бунхант уулын урд  талд оршино.

Химийн шинжилгээгээр кальцийн исэл 48,81-52,95%, магнийн исэл 6,05-8,57%, цахиурын исэл 2,34-4,85%, төмрийн исэл 0,45-1,54%, хүхрийн исэл 0,05-0,62% гэж тогтоогдсон байна.

Шавар: Шар нуурын шаврын орд сумын төвөөс зүүн хойт талд 8 км зайд оршино. 2-5 м зузаантай , 2 км талбайд тархана.

Дүгнэлт: Ховд сум нь аймгийн төвд ойр орших боловч геологийн судалгаа бага хийгдсэн бүс нутагт оршино.

Ан амьтан

Хөх сэрхийн дархан цаазат газарт дэлхийд ховордсон аргаль, угалз, янгир, ирвэс зэрэг ан амьтантай, ёл, бүргэд, хойлог зэрэг олон төрлийн жигүүртэн шувуудтай. Хөх сэрхээс агнасан угалзын эвэр  “Будапешт-1974” олон улсын үзэсгэлэнгээс Алтан медалиар  шагнагдсан юм.

Манай суманд:

 

 

Сээр нуруутнаас: Аргаль, угалз, янгир, зэрлэг гахай, ирвэс, шилүүс, чоно, үнэг, мануул минж, заартхарх, өмхий хүрэн хадны сусар, зараа тарвага, зурам, үен, муур, сохор номин, хадны бар, агчин, үхэр огодой, алагдаага.

Хэвлээр явагчдаас: Хонин гүрвэл, могой гүрвэл, замба гүрвэл, рашааны могой, бамбай хоншоорт  могой:

Шувууны ангиас: тас, бүргэд, шонхор, шар шувуу, ёл, хойлог, харцага, элээ, шаазгай, хэрээ, хараацай, бэгбаатар, бор толгойт шонхор, ятуу ахуна, алагтуу, чогчиго галуу, хун, тогоруу,  усны цагаан сүүлт, бүргэд, үхэр цахлай, бор шувуу, болжмор, хадны тагтаа, гал сүүлт гургуул, уран бялзуухай.

Сээр нуруугүй:

Шавжийн ангиас: аалз, хар шоргоолж, шүрэн цох, тунгаа хар цох, тэмээн аалз, царцаа, голио, эрвээхэйнүүд, чийгийн улаан хорхой, хануур хорхой  шумуул, ялаа.

Загасны ангиас: Хадран, Алтайн шар загас бий.

Ургамал

Ховд сумын нутагт Монгол Улсын улаан номонд орсон Алтайн сонгино, ганц цэцэгт алтан зул, ацан ажигана, алтангагнуур, ямаан сэрдэг, ганц навчит салжир, цөлийн өнчин цэрэв, вансэмбэрүү гэх мэт ургамлууд ургадгаас гадна дараах төрлийн ургамлууд ургана.

Унаган ургамлаас Невскийн хиаг, түрүүлэг өлөнцөр, говийн хээрэн нүд, ахар навчит хунчир, банзрагчийн зүлгэлиг, сайхны банздоо, мод, улиас, бургас, хар мод, улаан, шар ямаан харгана

Завсрын унаган Ургамал говийн хялгана, монгол сонгино, хөмүүл , сөөгөн лууль, цөлийн тайр, дэрэн ажигана, өтлүүн багдай, шивүүр, ортууз, цэцэгхэнт ортууз, монгол тарваган шийр, монгол сүүт өвс, монгол хохимой өвс, ямаан ангалзуур, үс хий нохойн хэл, төлөгтдүү боролз, нохойн хошуу, коморовын таван салаа таана, шаваг, шарилж, ерхөг, хиаг, хазаар өвс, хялгана, бударгана, согоовор, дэрс, цахилдаг, халгай, цагаан хорс, цагаан дэгд, хурган засаа, симхий, алтан цэцүүхэй, шувуун тарлан, улалж, бушилз гичгэнэ.

Эмийн ургамал Хонин, ямаан зээргэнэ, хэрээ нүд, төллүүр мэхээр, шувуун тарна, долгиолог гишүүнэ, юм дүүжин, шар хорс, хар хорс, эрээн гомбо, цөс өвс, царван, тээхийн шээг, тошлой, шар мод, чихэр өвс, толгодын  шимтгэлээ, чацаргана, уулын  цай, үхэр гоньд, балчиргана, дэгд тэмээн хөх, европ  ороонго, толбот бэрээмэг, төгрөг навчит хонлин , хахуун шимэлдэг , хээрийн батраш , том цэцэгт гүүн хөх, нэг наст бивлэнцэр, Алтайн ганга, намгийн хувиланга, иршимбэ, таван салаа, Алтайн далан хальс, бамбай, Азийн төлөгч өвс, агь, зоосон цэцэг,  эмийн багваахай зэрэг эмийн ургамал элбэгтэй.

Байгалийн дурсгалт газрууд

Олон зууны гэрч болсон Баянбулагийн овоо, Улаанбогочийн бичигт хад, Сөртийн хөшөө, Улаанхарганын хэрэм, Онхоодой уулын 40 овоо, Сартагтайн суваг, Бургастай хадны сүг зураг, хиргисүүр, дөрвөлжин булш, дүрс бичиг, агуй зэрэг түүх дурсгалт газар бий. Мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй оргилтой Салбан, Асгатын хясаа, хавцал дундуур Манжийн түрэмгийллийн үед наймаачдын гаргасан тэргэн зам ч түүхийн гэрч болон үлджээ.

Сөртийн хөшөө Сумын төвөөс 6 км газарт, улаан боржингоос тогтсон байц хад бүхий толгодын ар талд энэ хөшөө оршино. Хар  саарал өнгийн боржин чулууг ямар ч засвар хийлгүй хөшөө болгон босгожээ. Хөшөө чулуу нь 155-280 см өндөртэй 35-80 см өргөн, хөшөө тус бүрийн гадна талаар 1,5х1,5 м газарт чулуу шигтгэж, түүний голд хөшөө чулууг суулгажээ. 8 хүн чулуу бүхий хиргисүүр, жижиг булш, 17 балбал чулуутай томоохон цогцолбор юм. 3 хүн чулуунд тусгай тамгыг  дүрсэлсэн байна. Үүнийг нэг овгийн тамга болов уу гэж  болохоор байна. Балбал чулуу түрэгийн үед нас барагчаа чандарлан , гавъяаг  нь үнэлж босгодог тэмдэг байсан хэмээн эрдэмтэд үздэг. Нэг хэсэг нь өвгөд, дээдсээс хөх тэнгэр, дэлхийг эрхэмлэн булшин дээр хүн чулуу хөшөө босгон тусгай газрыг ялган авч хашилга чулуу суулган тахилга үйлддэг байсан гэж үздэг байна. Сөртийн хөшөө МЭӨ IҮ-III зууны үед холбогдоно.

Улаанбогочийн бичигт хад нь бурхан залбирч , сайн сайхан амьдрахыг хүссэн утгатай гэж эрдэмтэд судалсан байна.

Дунд усны хүн чулуу

Сумын сургуулийн урьд талд хүн чулуу бий. Энэ чулууг 1990 онд нэгдлийн хашаанаас тухайн үед багшилж байсан Б.Шаримхан, М.Медеу нар  ачиж ирээд босгосон түүхтэй.

Газрын гадаргаас өндөр нь 82 см, өргөн нь 48 см, зузаан нь 23 см. Улаан саарал өнгийн боржин чулууг цоолборлож хийсэн. Хүний нүүр ам, хөмсөг, сахал зэргийг дүрсэлсэн. Бүлтгэр нүдтэй, хоёр чихэндээ ээмэг зүүсэн. Баруун гартаа хундага сав, зүүн гарт нь хутга барьсан. Гар хуруу нь тод дүрслэгдсэн хөшөөний хэлбэр төрх, хийц  маяг, өмсөж, зүүсэн гоёлын онцлог нь МЭ VI-VIII зууны  үеийн Түрэгийн хаант улсын  хүн чулуу урлан бүтээх  уламжлалтай холбогдоно.

Шүүтийн тохойн хөшөө чулуу

Энэ хөшөө чулуу Ховд хотоос зүүн хойт зүгт 9 км зайд оршдог. 4 хөшөө бий. Саарал, Хар саарал өнгийн боржин  чулуугаар хийсэн.

Хөшөө чулуу-1

Өндөр нь 220 см , өргөн 66 см , зузаан нь 25 см , ямар нэгэн дүрс байхгүй.

Хөшөө чулуу-2

Өндөр нь 206 см , өргөн нь 50 см, зузаан нь 45 см

Хөшөө чулуу-3

Өндөр нь 236 см , өргөн нь 83 см , зузаан нь 45 см

Хөшөө чулуу-4

Өндөр нь 166 см, өргөн нь 118 см, зузаан 27 см. Бүх хөшөө чулуунд ямар нэгэн дүрслэл байхгүй. Хөшөөнүүдийг байрлуулахдаа 1 шугамаар зэрэгцүүлэн босгосон Хөшөө бүрийг  гадна талаар дөрвөлжин гортиг татгаж, түүний голд хөшөө чулууг газарт шигтгэжээ. Сөртийн хөшөөтэй адил Түрэгийн хаант улсын үед холбоотой.

Баруун салаагийн хөшөө чулуу

Сумын төвийн баруун талд 9 км зайд оршдог Хөшөө чулуу бий. Саарал өнгийн боржин чулуугаар хийсэн. Хөшөө чулууны өндөр нь158 см , өргөн нь 121 см, ямар нэгэн дүрс байхгүй.

Их хөшөө, Бага хөшөөтийн хөшөө чулуу

Цагаанбургас багийн төвөөс баруун зүгт 6 км зайтай өндөр нь 270 см  өргөн нь 1 м орчим 2 хөшөө чулуу Бага хөшөөний эхэнд 1 хөшөө байдаг. Эдгээр хөшөөнд ямар нэгэн дүрс байхгүй бөгөөд гадна талд нь дөрвөлжин гортиг татаж, түүний голд нь хөшөө чулууг газарт шигтгэсэн байна.

Давдагийн овоо

Баруунсалаа багийн нутагт сумын төвөөс 25 км зайд Давдагийн овоо оршдог. Энэ овоо нь дундаа 1 м өндөр овоо , гадна талд 7 м орчим диаметртэй гортиг татагдсан , түүний хажууд хөшөө  чулууг босгосон байна. Давдагийн овоог тахиж , ёслол үйлдэж , тэнгэр  хайрхандаа залбирч ирсэн түүхтэй. Давдагийн овооны орчмоос аймгийн 6 сумын нутаг  харагддаг  өндөр юм.