Ховд сум Улсын бага хурлын 1946 оны  8 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Ховд сум нэртэйгээр анх байгуулагдаж, хөдөлмөрчдийн хүсэлтээр 1955 онд Ховд аймагт харъяалагдсан юм.

 Бүгд Найрамдах Монгол ард улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн

1946 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар хурлын тогтоол:

Утга нь: Баян-Өлгий аймагт Ховд нэртэй нэг сумыг байгуулах тухай

ТОГТООХ нь: Ардын Сайд нарын зөвлөлийн Хэрэг Эрхлэх газраас хүсэж ирсний ёсоор Баян-Өлгий аймагт Ховд аймгаас шилжиж очсон 787 өрх айлуудаар  голын орчимд Баян-Өлгий аймагт Ховд голын орчимд Ховд нэртэй нэгэн сумыг  нэмэн байгуулахыг зөвшөөрч Сайд нарын зөвлөлд хойш явуулан гүйцэтгүүлсүгэй.

Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Ч.Бум-Цэнд

Улсын бага хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Баяр

Энэ тогтоолоор 1946 оны 11-р сарын 26-ний өдөр Ховд сумын анх 283387 га нутаг дэвсгэртэй, сумын намын үүр, гүйцэтгэх захиргаа, анхны хоршоо, хүн эмнэлэг, 6 багтай байгуулагджээ.

1947 онд анхны бага сургууль, "Улаан буланг" нэмэгджээ.Энэ үед сумын гүйцэтгэх захиргааг хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргаа, багийн ХДХГЗахиргаа, 1960 оноос ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа гэж нэрлэгдэж байгаад 1992 оноос сумын Засаг даргын Тамгын газар, Засаг захиргааны анхан шатны нэгж болон баг нь 1960 он хүртэл  баг, 1960-1992 он хүртэл бригад, хэсэг, 1992 оноос баг гэсэн нэртэй байлаа.

Сумын гүйцэтгэх захиргааны нэг үндсэн ажил нь улс, аймаг, сумын хурлын сонгуулийн ажлын бэлтгэл хангах, зохион байгуулан явуулах, чуулган хуралдуулах, түүний шийдвэрийг хэрэгжүүлэх явдал байв. 1952 онд улс даяар орон нутгийн хурлын анхдуугаар сонгууль болсон бөгөөд Ховд сум 1952 оны 10 дугаар сарын 24-нд хөдөлмөрчдийн депутатын хурлын анхдугаар чуулган хийж сонгогдсон 30 депутатын эрхийг баталгаажуулжээ.

1955 оноос нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, 1959 онд сумны өрхийн 82,8 хүний 84,6 нь  нэгдэлд гишүүнээр элсэж, малын 60 шахам хувь нь нийгмийн дундын өмчид шилжиж, цаашдын бүх ажлыг нэгдлээс зохион байгуулан явуулах болсон тул сумын гүйцэтгэх захиргааны үүрэг роль нь аажмаар багасч, нэгдлийн дарга сумын гүйцэтгэх захиргааны даргыг хавсран гүйцэтгэдэг болж , энэ нь 1990 он хүртэл үргэлжилсэн.

БНМАУ-ын Их Хурлыг сонгох анхдугаар сонгууль 1951 онд болж, Ховд сумын 6 баг, Толбо сумын 4-р баг, Эрдэнэбүрэн сумын 11-р багийн сонгогчид нэг тойрог болж, Ховд сумын иргэн эмэгтэй Ж.Күмисийг их хурлын анхны депутатаар 100 хувийн саналаар сонгогдож байжээ. 1952-1990 онд сумын харьяат иргэдээс 8 хүн  УИХурлын  депутатаар 51 хүн аймгийн хурлын, 309 хүн сумын хурлын депутатаар сонгогджээ.

Ховд сумын ажилд Монгол улсын төрийн өндөр авбан тушаалтнууд ирж танилцаж байсан бөгөөд 1966,1980 онд нам төрийн удирдагч агсан Ю.Цэдэнбал 2 удаа, 1977 онд Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга агсан С.Лувсангомбо, 1980 онд ХАА-н тэргүүн туршлага судлах ажлаар Т.Рагчаа нарын МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга нар бүх аймгийн намын хороодын 1-р нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнтэай 150 гаруй хүн , 1981  онд Д.Моломжамц, 1986 онд Б.Дэжид, 1992-2005 онуудад Монгол улсын ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Монгол Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир, Их хурлын болон Засгийн газрын гишүүд, 1980 онд Казахстан улсын Жамбул мужийн удирдлагууд ирж байсан.

Ховд сум ажил үйлсээрээ улсад 2 удаа, аймагт 6 удаа шалгарч байсан. 2014 оны байдлаар 5 төсөвт байгууллага, 17 аж ахуйн нэгжтэй үйл ажиллагаагаа явуулаж байна. 2014 оны жилийн эцсийн байдлаар хүн амын тоо 3343 болж үүнээс эрэгтэй 1664, эмэгтэй 1679, өрхийн тоо 759 болж, мөн 158060 толгой малтай боллоо.